Олон сайхан залуусын амиар албан тушаалын шат ахихаар санаархаж суугаа Г.Сайханбаяр сайдыг огцруулъя
“Дахиад өгөх амь алга. Одоо зогс” хэлэлцүүлэг өчигдөр болж, эцэг, эхчүүд талийгаачдийнхаа зул зургийг тэвэрчихсэн ирээд уйлан байж учирлаж байхад, бодитоор яргалал, тамлалд өртөж байсан залуусын төлөөлөл ирээд өөрт учирсан үнэнийг ярьж байхад яг энэ цаг хугацаатай давхцан Төрийн ордонд болсон Байнгын хорооны хуралдаан дээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: “Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй. Тэр ангид алба хааж байсан, алба хаагаад 20 хонож буй алба хаагчдыг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан тав орчим цэргийн алба хаагч байсан. Одоогоор эмнэлэгт хэвтүүлж байна. Эхнээсээ эмчилгээ хийлгээд гарч байна. Тухайн нас барсан цэргийг ямар шалтгааны улмаас нас барсныг бид хэлэх боломжгүй байна” хэмээн арьсаа хамгаалж ширэн нүүрлэж суух вэ. Г.Сайханбаяр даргын хувьд бодит жишээ яриад байгаа эцэг, эх, өөрийн биеэр зодуур, дарамтыг амссаж эрүүл мэндээрээ хохирон тахир дутуу болсон залуусын яриа тэгвэл юу болох вэ. Цэрэг, армид бодит байдалд ямар байдгийг өчигдрийн хэлэлцүүлэг бэлээхнээ харуулсан. Гэтэл хэдхэн алхмын зайд Батлан хамгаалахын сайд нь Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны дутагдал, гэмт хэргийн шинжтэй зөрчил байхгүй хэмээн хээвнэг ярьж сууна. Залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад баахан өвчтэй цэрэг гарсан. Эмчлүүлж байгаа хэмээн бурууг одооноос цэргүүд рүү бухаад эхэлсэн. Ийм ширэн нүүртэй сайд түмний хүүхдийн төлөө ажиллаж чадах уу. Угтаа бол өчигдрийн хэлэлцүүлгээс харахад хүний сайхан үрийг алчихаад эцэг, эхээс нь юуны өмнө гомдолгүй гэсэн бичиг аваад тэгсхийгээд өнгөрдөг байдал түгээмэл байжээ. Энэ удаад ч 21 настай хүү уушги, зүрхний өвчний улмаас амиа алдсан гээд өнгөрөх бололтой байна. Армид харгислал бугшсаныг та ч , би харлаа. Энх цагт цэрэгт эр хүн болно хэмээн яваад амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон олон сайхан залуугийн төлөө Батлан хамгаалахын сайд хариуцлагаа хүлээн огцрохыг нийтээрээ шаардъя, шахъя. Одоо л хариуцлагыг тооцохгүй толгойг нь илээд өнгөрүүлбэл хожмоо Батлан хамгаалахын том толгойтой сайд, удирдлагууд улам амташна. Ерөнхийлөгч өө, хэдэн бор цэргүүдийнхээ алтан амийг үл тоон, бүр албан тушаалын шат өгсөхөөр санаархаж суугаа сайддаа, багын найздаа та хариуцлага тооцохгүй юм уу. Энхийн цагт цэрэг, армид яргалал, зодуурын улмаас амиа алдсан олон сайхан залуугийн амь нас энэ төрд даанч үнэ цэнэгүй юм гэж үү...