Арабын Нэгдсэн Эмират Улс уруу харилцан визгүй зорчиж, ирэх сараас шууд нислэг хийж эхэлнэ 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх удахгүй тохиох Арабын Нэгдсэн Эмират Улс байгуулагдсаны 52 жилийн ойн мэндийг дэвшүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг тэмдэглэж, эдгээр чиглэлд хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг онцлов.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян тус улсын хөгжлийн хөтөлбөр, ирээдүйн зорилтуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай энэ өдөр байгуулж буй баримт бичгүүдийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа нягт, тууштай хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

  1. Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  2. Засгийн газрын хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНЭУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  3. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг;
  4. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  5. Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дижитал сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  6. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.

Эдгээр баримт бичгийг байгуулснаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол, зам тээврийн салбарт болон цөлжилттэй тэмцэх чиглэлд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа талууд тэмдэглэв.

Мөн энэ хүрээнд хоёр талын яриа хэлэлцээний механизмуудыг байгуулж, хуваарийн дагуу тогтмол хуралдуулж байхаар болов.


Фото галлерей



Уншсан: 299