"Хун шиг цагаан бүү яв, аминд чинь халтай Хэрээ шиг хар бүү яв, үрд чинь халтай Шаазгай мэт алаг яв" Данзанравжаа 4 жилийн өмнө    |   



Данзанравжаа яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичжээ. 1830 онд анхны театр “Намтар дуулах дацан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ. Хөгжимчдийг цуглуулан тоглуулж өөрөө удирдаж байсан гэдэг. Авъяаслаг зураач, оёдолчдыг театртаа ажиллуулж цалинд нь хонь, будаа зэргийг өгч урамшуулдаг тухайн үеийн “ажил олгогч” байсан юм.

Данзанравжаа архитекторч хүн байсан бөгөөд 1820 онд 17 насандаа Өвөр Хамар гэдэг газар Хамарын хийд, 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт 8 том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргажээ. Хамарын хийд нь Данзанравжаагийн гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байв.

Данзанравжаа гүн ухаанч хүн байсан бөгөөд нэг боть гүн ухааны зохиол туурвижээ. Хамарын хийд болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн сургадаг. Равжаа хутагт Шамбалын оронд зорчих хоёр суваг бий, түүний нэг нь Монголын говьд, нөгөө нь Төвдийн Хайлас ууланд байдаг хэмээн бясалгажээ.

1845 онд өөрийн байгуулсан Хамарын хийдийн архан талд нэг овгор шороон дээр суугаад Шамбалын ерөөл уншиж, “энд ирсэн хүн дараа төрөлдөө Шамбалын оронд очиж надтай уулзах ерөөл тавилаа” гэж айлдсан байдгаас үзвэл Монголын говьд дэлхийн энергийн цэг байгаа гэдгийг урьдчилан мэдэж байжээ. Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой байсан гэдэг. Хилэнцэт хорхой бол гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж алдаг хорхой ажээ. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байсан байна. 1840 оны үед говь нутагт хүн амины хэрэг нэлээд гарсанд сэтгэл нь зовж ардуудаас хутга мэс цуглуулан хайлуулж хамгийн сайн дархан хүнээр “Түмэн мэст бурхан”-ыг бүтээлгэж, тарни шид шингээжээ. Тэр цагаас хойш цаг бусын үхэл багасаж ард иргэд нь амар жимэр суух болсон гэдэг.



Фото галлерей



Уншсан: 834