Угаартаж амиа алдсан 500 хүн энэ нийгмийн золиос болоод өнгөрөх үү? 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Гэр бүлээрээ угаартаж амиа алдсан харамсалтай, сэтгэл өвтгөм тохиолдол бүртгэгдсээр,амиа алдагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Иргэд халаглаад өнгөрөх ч төр, засаг нь огт жишим үгүй, уучлал гуйсан удаа нэгээхэн ч үгүй. Харин холбогдох байгууллагууд тоог нэгтгэж, тоолсоор...Бүхэл бүтэн нэг гэр бүл нэг л өглөө байхгүй болсон сэтгэл эмзэглүүлэм мэдээнд бид нийгмээрээ дөжчирчихвий дээ. Дайнтай улсын дайтай иргэд өнгөрсөн хугацаанд гэртээ унтаж байгаад угаартаж амиа алджээ. Тухайлбал,

  • 2018 онд-44 иргэн
  • 2019 онд-40 иргэн
  • 2020 онд-86 иргэн
  • 2021 онд-135 иргэн
  • 2022 онд- 103 иргэн
  • 2023 оны идэр есийн хүйтэн  эхлээгүй арваннэгдүгээр сарын байдлаар гэхэд л 91 иргэн угаартаж амиа алджээ. Эдгээр 500 хүний дунд бага насны хүүхэд олноороо байгаа гээд  бод доо.

Эдгээр нь зөвхөн гэртээ угаартаж амиа алдсан хүний тоо. Үүнд, эмнэлэгт угаарын хордлоготой ирээд нас барсан хүний тоог оруулаагүй аж. Орой нь инээлдэн бужигнаж байгаад амрахаар хэвтсэн нэг гэр бүл өглөө нь бүгд харамсалтайгаар амиа алдсан байх аймшигт дүр зураг зөвхөн Монголд л байна. Энэ явдал үнэхээр аюулын харанга дэлдээд удлаа. Холбогдох яамд бүр тоохоо ч больж, иргэдийн буруу хэмээн мэлзэх болоод удаж байна. Албан тушаалтнууд “Угаартахаас сэрэмжлүүлэх гэж төр, засгаас угаарын хий мэдрэгч үнэгүй өгөөд байхад тэрийгээ ашиглаж чаддаггүй, мэддэггүй гэж шууд бус ч тойруу утгаар иргэдийг буруутгаж суудаг болсон. Шалгалтын дүн ч угаар хий мэдрэгчээ авдрынхаа ёроолд хийсэн байсан, зайгүй гээд ажиллуулаагүй, өрхөө бүтээсэн байснаас угаартсан гэх дүгнэлт гарч, үлдсэн хүмүүс нь хэнтэй ч заргалдах билээ гээд орхидог.  Ийн золгүйгээр амиа алдсан хэсэг хүн энэ  нийгмийн  золиос болоод байна. Цаашид хэрхэх вэ. Гэртээ угаартаж хэдэн зуугаараа амиа алдахаас гадна ялангуяа өглөө, оройд өтгөн, өмхий хар утаагаар нийслэлчүүд амьсгалж, эрүүл мэндээрээ хохирч  байна. Үнэн чанартаа утаа биш хорт хий, хүнцэлээр амьсгалж байна гэхэд  хилсдэхгүй.

Төр, засаг өөрдсийнх нь нийлүүлсэн шахмал түлшинд олон зуун иргэн амиа алдаж байгаатай хэдийнэ эвлэрч, эмч нар нь уушгины хавдартай хүний тоо  хэдхэн жилийн дараа огцом ихэсч, хавдрын өвчлөл эрс нэмэгдэнэ гэснээс үүдэн төрийн түшээд байр савыг нь одооноос  бэлдье. Уушгины хавдрын эмнэлэг байгуулъя, төсөв мөнгийг зохицуулъя гэцгээх болсон. Иргэдийнхээ төлөө тэдний хийж чадах зүйл ердөө л энэ бололтой.


Фото галлерей



Уншсан: 160