БИ ЭНЭ ХОББИГОО ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ "МОТО 2010 РАЛЛИ" УРАЛДААНЫ ЯЛАГЧ Г.ХАТАНБААТАР 4 жилийн өмнө    |   



Авто, мото спортоор хичээллэдэг Монголын хуруу дарам эмэгтэй тамирчдын нэг тэрбээр долдугаар сард ““Silk Way Rally 2019” уралдаанд 10 өдрийн турш, 5000 км туулан хурд сорихдоо эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн. FIM-ээс Дэлхийн цомын дөрвөн цувралын нийлбэр дүнгээр шилдгээ хэдхэн хоногийн өмнө тодруулахдаа түүнийг дэд аварга болсныг албан ёсоор зарлаж, баяр дээр нь баяр нэмлээ. Ингэснээр Б.Бат-Ундрал Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон юм. Тус уралдаанаас медаль хүртэхийг манай үе үеийн тамирчид зорьж, зүтгэсээр өдий хүрсэн. Энэ амжилтад эмэгтэй тамирчин хүрч, улсдаа анхдагч болсноор нь бахархахгүй байх аргагүй.

“Дакар ралли”-д хурд сорих мөрөөдөлтэй Б.Бат-Ундрал Европ тивийн ноён оргил “Эльбрус”-т мөрөө гаргасан авьяаслаг, элдэвтэй бүсгүй. “Үхлийн уул” гэгддэг “К-2” оргилд гарах мөрөөдөлтэй түүнийг Малайзад энэ сарын 28-нд эхлэх бартаат замын олон улсын уралдаанд оролцохоор эх орноосоо мордохынх нь өмнө уулзаж, ярилцлаа.

ТЭМЦЭЭНТЭЙ ДАВХАЦСАН ТУЛ МЕДАЛИА БИ ӨӨРӨӨ ОЧИЖ АВЧ АМЖИХГҮЙ

Юуны өмнө Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон танд баяр хүргэе. “Silk Way Rally-2019өөс та мөнгөн медаль хүртсэн. Энэ удаа Дэлхийн цомын нийлбэр дүнгээр дэд аварга боллоо. Монголынхоо андагч болох болзлыг хэрхэн хангав?

-Баярлалаа. Дэлхийн цом дөрвөн цувралтай. Тэдгээрээс хамгийн нэр хүнд, чансаатай нь “Silk Way Rally” уралдаан.  2009 оноос хойш зохион байгуулж буй тус уралдааныг энэ жил анх удаа БНХАУ, Монгол, ОХУ-ын нутгаар дайруулан хийлээ. Долдугаар сарын 6-16-нд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Silk Way Rally” уралдаанд анх удаа өрсөлдөхдөө эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн. Би уг нь Дэлхийн цомын сүүлчийн уралдаанд оролцохоор төлөвлөсөн байлаа. Даанч бэртлийн улмаас хурд сорьж чадаагүй. Бэртлээ сэдрээхээс болгоомжилсон юм л даа. 

FIM-ээс өнгөрсөн гурав дахьд Дэлхийн цомын дөрвөн цувралын нийлбэр дүнгээр шилдгээ тодруулахад нь би дэд аварга боллоо. Миний шагналыг Монакод 28-нд гардуулах юм билээ. Би Малайзын тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Шагнал гардуулах арга хэмжээ тэмцээнтэй давхажсан тул би очиж амжихгүй. Тиймээс миний шагналыг Монголын автомашин, мотоциклын холбоо ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх ах очин, гардаж авна. Медалиа хурдан харах сан гээд тэсэн ядан хүлээж сууна.

-“Silk Way Rally-2019” таны оролцсон хэд хэд олон улсын ураалдан бэ?

-Тав бил үү зургаа дахь нь. “Silk Way Rally” уралдаан Монголын нутгаар дайран өнгөрсөн нь бидэнд том давуу болсон. Эх орныхоо уур амьгал, газар нутгийг бид сайн мэднэ. Монголын тамирчид энэ уралдаанаар дамжуулан улсаа дэлхийд сурталчилж чадсан. Уралдааныг найман нисдэг тэрэг даган, дэлхийн 30 гаруй телевиз дамжуулсан. Тэмцээнд оролцсон тамирчдын таксын 50 хувийг улсаас даасан нь их урам өглөө. Эмэгтэй тамирчид ямар нэгэн төлбөр төлөөгүй. Би энэ уралдаанд хурд сорихдоо шинэ мотоцикл хөлөглөсөн. “Husqvarna Mongolia” компани тодорхой хөнгөлөлттэй нөхцлөөр шинэ “husqvarna 350 cc endure” мотоциклийг ралли тоноглолоор тоноглож өглөө. Намайг “Silk Way Rally”-д уралдахад олон хүн тусалж, дэмжсэн. Бүгдээрээ амжилт хүсээд, сүүнийхээ дээжийг өргөөд үдсэн болохоор шантрах, ухрах эрх надад байгаагүй.

5000 км зам туулан өрсөлдөөд, дэлхийн шилдгүүдтэй хамт уралдах нэр төрийн хэрэг байлаа. Үнэнийг хэлэхэд би медаль хүртэхээс илүү замаа дуусган, барианд амжилттай орохыг зорьсон. Ийм хол замд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Бэртэх, мотоциклоосоо унах энүүхэнд. Зөндөө олон удаа онхолдсоон.

ЯС Л ХУГАРААГҮЙ БОЛ УРАЛДАНА ГЭЭД ГҮРИЙЧИХСЭН

 Улаанбаатараас Завхан аймаг 1000 км зайтай. Тэгэхээр 5000 км зайд уралдана гэдэг таван удаа Завханд очихын дайтай гэж бодохоор сүрдмээр. Уралдааны аль хэсэг хамгийн бартаатай, адал явдалтай байв?

-Уралдааны өмнө ч гэсэн зөндөө адармаатай юм болсоон. Тэмцээний өмнө бэлтгэлийн үеэр хоёр ч удаа бэртсэн. Үнэнийг хэлэхэд Сибирийн тайгаар яаж уралдах вэ гэж эмээж байлаа. Ой модон дундуур явахад бартаа ихтай, үертэй байсан л даа. Гараанаас түрүүнд мотоциклтой тамирчид хөдөлдөг. Араас нь автомашинууд уралдана. Модон дундуурх нарийнхан жимээр уралдах, тэмцээнд оролцож буй том оврын машинуудтай зөрөх чанга байлаа. Нэг усархаг газраар явж байтал араас баахан машинууд орж ирээд шавраар булсан. Тэгэхээр нь шилээ аваад, их тайвширч билээ. Ер нь тэрнээс хойш бие тайвшаад, сандрахаа, зүрхшээхээ больсон.

Уралдааны хоёр дахь өдөр уулын налуу, огцом эргэлттэй замаар уралдаж байтал Монголын нэг тамирчин осолдчихсон байв. Араас ирж буй том машинууд харахгүй дайрчих эрсдэлтэй байсан юм л даа. Өнөөх тамирчинд ОУХМ Болдбаатар, Өнөрбаяр хоёр тусалж байсан юм. Тэд “Ахын дүү мотоциклоо тэр дээр гаргаад тавьчих” гэсэн юм. Би уг нь нэг их яаралгүй, намуухан хурдаар явсан ч яг нөгөө газар дээр очоод уначихсан. Босоод ирэх нь ээ гар эвгүй болчихов. Нугарахгүй, хавдаад, өвдөж байна гэж жигтэйхэн. Орой нь Францын багийн эмч нарт үзүүлэв. Тэд ЭХО-д харснаа шөрмөс нь тасарсныг хэлсэн. Эмч нар “Танд эрүүл мэнд чухал. Та уралдаанаа зогсоосон нь дээр” гэсэн. Тэр хүртэл зөндөө олон хүний итгэлийг тээгээд очсон надад хайран санагдалгүй яах вэ. Яс л хугараагүй бол уралдана гээд гүрийчихсэн.

Маргааш нь Монголын нутаг руу орж ирэв. Яг тэр өдөр миний мотоциклийн яндангийн нэг боолт болохоо байчихав. Эвгүй л хазалвал унтраад болдоггүй ээ. Эрхий хуруу өвдөж байна гэж жигтэйхэн. Унтрангуут нь зүүн гараараа асаана. Жалга, эвгүй замаар явахдаа хазаа жаахан хасангуут унтарчихна. Мотоциклоо асаахаас гадна, хурд хүчийг нь тохируулахад эрхий хуруу чухал үүрэгтэй юм билээ. Уралдааны үеэр заримдаа хурууныхаа өвдөлтийг мэдрэх сөхөө байгаагүй. Шөрмөс нь тасарсан хуруугаараа асаагаад л уралдсан. Юун хуруу өвдөж байна гэх манатай. Тэсээд л өрсөлдсөн. Монголд орж ирээд эмчид үзүүлэхэд “Өвдөлтөө тэсээд явж чадахгүй бол тэмцээнээс хасагдахгүй юу” гэсэн. Тэгж хэлсэн эмчид би одоо ч баярлаж явдаг. Намайг тэгж хурцалж, шар хөдөлгөөгүй бол уралдаанаа дундаас нь орхичих ч байсан юм бил үү.  

Ер нь “Silk Way Rally” уралдаанд өрсөлдсөн дэлхийн шилдгүүдийн шандсыг Монголын өргөн тал нутаг их сорьсон. Цөөнгүй уралдаанч манай улсад уралдаж явахдаа бэртсэн. Оросын тамирчин А.Нифонтовагийн эгэм, “Дакар”-т хоёр удаа өрсөлдсөн туршлагатай, Чехийн уралдаанч Габрелагийн ташаа бэртсэн. Чех тамирчин шүд зуун уралдсаар 200 км туулахад нь их бахархсан шүү.

Нээрэн Өмнөговь аймгийн нүүрсний замаар уралдахад их сонин байсан шүү. Бас уралдааны сүүлийн өдрүүдэд Хятадын сайран дундуур өрсөлдөх ёстой чанга байлаа. Тоос ихтэй. Машин зөрөнгүүт тоос босно гэж тоймгүй, Юу ч харагдахгүй. Шил зүүгээд, нүдээ аниад ямар ч нэмэргүй. Тоос нь буутал нэлээд хэдэн минут юу ч харагдахгүй, баримжаалаад л давхисан.


Фото галлерей



Уншсан: 778