Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил бүрэн дуусжээ 11 сарын өмнө | Davaasuren G
Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга юм.
Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах бөгөөд шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.