АНУ-ын Хууль зүйн яам Apple компанийг шүүхэд өгчээ 9 сарын өмнө | Davaasuren G
АНУ-ын Хууль зүйн яам ухаалаг гар утасны зах зээлийг монополчилж, өрсөлдөөнийг хязгаарлаж, хясан боогдуулсан гэж буруутган Apple компанийг шүүхэд өглөө. Apple компани нь ухаалаг гар утасны болон ухаалаг гар утасны программын зах зээл дэх давамгай байдлаа ашиглан хэрэглэгчид өөрсдийн төхөөрөмжийг солих эсвэл бусад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг iPhone утастай хамт ашиглах боломжийг хязгаарлаж байна гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна. “Apple компани өрсөлдөгчдөөсөө түрүүлж байгаа байдлаа ашиглан монополын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж, ухаалаг утасны зах зээл дэх давамгай байдлаа хадгалж байна” гэж Ерөнхий прокурор Меррик Гарланд пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ "тус компани хэрэглэгчид, хөгжүүлэгчдэд хохирол учруулдаг өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаанд суурилсан стратеги хэрэгжүүлж байна гэж бид үзэж байна" гэлээ. Харин Apple компани энэ нэхэмжлэл бол бидний хэн болох, асар их өрсөлдөөнтэй зах зээл дэх манай бүтээгдэхүүнүүдийн онцгойрон ялгарах зарчмуудад учирч буй аюул гэж мэдэгджээ. АНУ-ын Хууль зүйн яам сүүлийн 14 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Apple компанийг монополын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Гэхдээ зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж анх удаа буруутгасан тохиолдол нь энэ юм.