
Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн
шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг
ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн
дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон 2008
оноос хойш тэмдэглэж ирсэн түүхтэй.
“Хүний бусадтай харилцах,
нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан
туршийн өргөн хүрээний эмгэг”бол аутизм . Аутизмын шалтгааныг одоо хир нь
шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа ч тархины үйл ажиллагааны тодорхой нэг
саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр
байна. АХЭ-ийн дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм” “аспергерийн хам шинж” гэх зэргийн хэд хэдэн төрлийн эмгэг багтдаг. Аутизм нь өргөн хүрээний эмгэг
тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Аль ч төрлийн аутизмтай
хүнд дараах гурван бэрхшээл заавал байдаг. Хэл ярианы бэрхшээл, нийгмийн харилцааны бэрхшээл, туйлширмал ба баригдмал
сэтгэлгээний бэрхшээл.
АУТИЗМЫН
ШИНЖ ТЭМДГҮҮД ЮУ ВЭ?
Хүүхэд бүрд өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход
хэцүү. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь
тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Хэдий эрт оношлогдож,
багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал
авч сайжирдаг. Ингэснээр ирээдүйд нийгэмд бие дааж авч явах чадвартай
болно.
- Хэлд орохгүй байх
- Өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах
г.м/
- Хүний нүд рүү тогтож харахгүй байх
- Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
- Хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн
хоол идэх г.м/
- Нэрээр нь дуудахад харахгүй байх
- Зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх
- Давтагдмал хөдөлгөөн хийх /гараа сэгсрэх, дороо эргэх г.м/
- Өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх г.м/
- Нойрны хямралтай байх гэх мэт