
Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд ажиллажээ.
Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршсэн байна. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга онцолсон байна.
Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” гэжээ.
Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болохыг тохижилт үйлчилгээний ажилчид учирласан байна. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүсчээ.