Улсын эмнэлэгт цаг аваад ирээгүй тохиолдолд торгууль төлнө

Улсын эмнэлэгт цаг аваад ирээгүй тохиолдолд торгууль төлнө



Эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна. Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж.


Улсын эмнэлгүүд хэт их ачаалалтай байдгийн улмаас иргэд түүнийг хүлээлгүй наана нь хувийн эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь хэдэн сарын дараа эмнэлэгт үзүүлэх өдрөө мартдаг. Эмнэлэгт үзүүлж чадалгүй хүндэрч, яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байгаа өвчтөн ч бий. Ийм байдлаар хүмүүс үзүүлэх цагтаа очихгүй бол тухайн эмнэлэг рүү утасдаж, авсан цагаа цуцлуулах шаардлагатай. Хэрвээ цагаа цуцлуулбал тухайн цагийг дараагийн хүнд өгөх замаар эмнэлгийн хүлээгдэл багасна. Авсан цагаа цуцлуулахад торгууль хүлээхгүй юм байна.  


Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ. Цахимаар болон утсаар улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. 2023 оноос төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн  аж. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.


Фото галлерей



Уншсан: 229