
“Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтарсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерей дээр зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Эрдэнэ зуу музейгээс 18-р зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Чойжин ламын сүм музейгээс Арван хангал бурхад, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд, XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэглэн үзүүлж байгаар онцлог юм. Мөн хамгийн жижиг 10см хэмжээтэйгээс 300 см өндөр шүтээн зургуудаас бүрдсэн 200 гаруй шүтээн зургуудыг анх удаа цогц байдлаар олон нийтэд хүргэж байна.
Шүтээн зураг нь Монголчуудын дунд шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэгдэж, эрт дээр үеэс хөгжсөөр ирсэн бурхан дүрслэлийн урлаг нь дэлхий дахинаа ТАНКА хэмээх нэрээр алдаршжээ.
Шүтээн зургийн дүр дүрслэл агуулга нь бурхны хөрөг дүрээр
хязгаарлагдахгүй судар ном, бурхдын намтар, орд өргөө, сүм хийд, багш дээдэс,
хутагт хувилгаан, түүхэн хүмүүсийн хөрөг зураг гэх мэт өргөн хүрээг хамардаг.
Мөн бүтээх аргаар нь нагтан-хар дэвсгэрт, гартан-цагаан дэвсгэрт, мартан-улаан дэвсгэрт,
сэртэн-шар дэвсгэрт хэмээдэг. Шүтээн зураг нь дан ганц бурхдын хөрөг, шүтээн
дүрслэхээс гадна Монголчуудын ахуй зан заншил, уламжлал, ёсыг ч багтаан
илэрхийлдэг цогц урлаг юм.