Солонгос нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт жил бүр 300 гадаад ажилчин авна

Солонгос нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт жил бүр 300 гадаад ажилчин авна



Нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт өсөн нэмэгдэж буй ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд жил бүр 300 гадаад ажилчин авна гэж  БНСУ-ын Засгийн газар лхагва гарагт мэдэгдэв. Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яам, Хууль зүйн яам хамтран “Е-7” визний ангилалд хамрагдах мэргэжлүүдийн жагсаалтад агаарын хөлөг, эд анги үйлдвэрлэх салбар нэмнэ гэж мэдэгджээ. E-7 виз нь Хууль зүйн яамнаас тогтоосон мэргэжлээр ажиллах тусгай чадвартай гадаадын иргэдэд зориулагдсан визний төрөл юм. Солонгосын Агаарын сансрын аж үйлдвэрийн холбоо болон холбогдох салбаруудтай зөвлөлдсөний дараа нисэхийн үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд 300 иргэнийг туршилтын журмаар хоёр жилийн хугацаанд урьж ажиллуулахаар төлөвлөж байгаагаа Засгийн газар мэдэгдлээ.

Солонгосын нисэх онгоц үйлдвэрлэгчид хөгжиж, өргөжин тэлж байгаа хэдий ч ажиллах хүчний хомсдолд орж байгаа тул энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

COVID-19 тахлын үед тогтоосон аялал жуулчлалын хязгаарлалтыг хөнгөвчлөхийн хамт олон улсын худалдаа нэмэгдсэнтэй зэрэгцэн агаарын тээврийн эрэлт сэргэж байна. Энэхүү өсөлт нь нисэх онгоц, онгоцны эд анги үйлдвэрлэх ажилчид, мэргэжилтнүүдийн хэрэгцээг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Гэсэн хэдий ч энэ эрэлт хэрэгцээг хангахуйц хангалттай тооны мэргэшсэн ажилчдыг элсүүлэхэд салбарынхан бэрхшээлтэй тулгарсан.

Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ан Дук Ген "Улсын визний журамд өөрчлөлт орсон нь нисэхийн үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний хомсдолыг арилгахаас гадна нийт бүтээмжийг нэмэгдүүлж, бусад улсаас нисэх онгоц бүтээх төслүүдийг татах болно" гэжээ.

Хууль зүйн сайд Пак Сун Жэ гадаадын авьяастныг урих нь ажиллах хүчний хомсдолд байнга тулгардаг дотоодын үйлдвэрүүдийг дэмжих гол стратеги хэвээр байх болно гэдгийг онцолсон байна. Энэ оны эхээр Засгийн газраас гадаадын ажилчдад мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хүрээг өргөтгөх шийдвэр гаргасан. Энэхүү өргөтгөлд зоогийн газар, зочид буудал, орон сууцны барилга, ойн аж ахуй, уул уурхай зэрэг салбарууд багтаж байна.  


Фото галлерей



Уншсан: 203