Шинээр орон сууц худалдаж авах гэж буй хүмүүсийн анхааралд

Шинээр орон сууц худалдаж авах гэж буй хүмүүсийн анхааралд



Сүүлийн жилүүдэд орон сууц захиалахтай холбоотой луйвар, залилангийн хэрэг нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийг аливаа байр, орон сууц авахдаа анхаарах зүйлсийг танилцуулъя.

Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны гэрээ баримт зайлшгүй байгуулах шаардлагатай:

  • Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах;
  • Гэрээ байгуулахдаа захиалагчийн санал болгож буй гэрээний төслийн заалт бүрийг нарийвчлан судалж, гэрээлэгч талуудын эрх, үүрэг адил тэнцүү хадгалагдаж байгаа эсэх, хүлээх хариуцлага аль хир тодорхой тусгагдсан зэргийг хуулийн мэргэжилтнээс зөвөлгөө авч, гэрээнд нэмэлт оруулах шаардлагатай эсэхээ шийдэх;
  • Захиалагчийн санал болгож байгаа гэрээний төслийг сайн судлахгүйгээр шууд гарын үсэг зурж баталгаажуулах нь  танд эцэст нь эрсдэл авчрах өндөр магадлалтай гэдгийг онцгой анхаарах; Ийм тохиолдол амьдрал дээр маш их гарч байна.
  • Гэрээнд заасан орон сууцны талбай бодит байдал дээрээ зөрүүтэй байгаа талаар сүүлийн үед маргаан их гарч байна. Иймд тухайн барилгыг барьж байх явцад буюу дотор ханын өрлөг өрөгдөх болон хана цутгасан үед зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж, гэрээнд заасан талбайн хэмжээг баталгаажуулж авах
  • Та баригдаж байгаа барилгаас орон сууц худалдан авахаар захиалагчтай гэрээ байгуулсан бол барилгын ажлын явц, чанар байдалд хяналт тавих үүрэгтэй, бас эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл энэ эрх, үүргээ зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх

Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах гэж байгаа бол: 

  • Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, тухайн орон сууцны барилгад өмнө нь орсон оршин суугчдын санал зөвлөмжийг авах;
  •  Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй орон сууцыг иргэд хоорондоо худалдах, худалдан авах ажиллагаа нилээд явагдаж байгаагаас эцэст худалдан авсан тал хохирох асуудал гарсаар байна. Ийм үйлдэл хийхгүй байх нь зүйтэй. Учир нь өмнө нь бас нэг иргэнд худалдсан байх магадлал их байдаг.   
  •  Худалдан авч байгаа орон сууцны талбайг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу нарийвчлан хэмжиж хоёр тал баталгаажуулсан байвал зохино

Энэхүү зөвлөмжийг анхааралтай судлаж, орон сууц  худалдан авах, захиалахтай холбоотой асуудлаа нухацтай, нягт нямбай шийдэж байхыг иргэд та бүхэнд зөвлөмж болгож байна.


Фото галлерей



Уншсан: 57