Экспорт өмнөх оны мөн үеэс 146 сая ам,доллараар буурлаа
Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны статистик мэдээллээс харахад нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 146 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин импорт эсрэгээрээ хурдацтай өсч байна. Монголын импортын өсөлтөд бензин шатахуун, суудлын автомашины импорт голлон нөлөөлдөг. Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 765 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд гадаад худалдааны тэнцэл таван тэрбум гаруй ам.долларын өсөөлттэй гарч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар экспортын орлого буурч, импортын орлого өссөн үзүүлэлт нь гадаад худалдааны тэнцэл бага багаар буурах үзүүлэлт ажиглагдаж байна. Экспорт 146 сая ам.доллараар буурсан үзүүлэлтийн 73 сая ам.доллар нь дан ганц нүүрсний экспорттой холбоотой байна.
Монгол Улсын гаалийн байгууллагаас 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар импорт 3.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын хэмжээ 28.8 хувиар өссөн байна. Нийт импортын 21.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол 9.5 хувийг суудлын автомашины импорт бүрдүүлж байна. Тухайлбал, 2024 оны дөрвөн сарын байдлаар дизель түлшний импортын хэмжээ 537 мянган тонн-д хүрч өмнөх оноос 35.2 хувиар өссөн байна. Тэгвэл суудлын автомашины тухайд нийт 45700 ширхэг автомашин импортлосон нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн ачааны автомашины тухайд 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.063 ширхэг импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.