Каннын кино наадмын онцлох 10 кино
Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг шалгадаг 77 дахь удаагийн Каннын кино наадам энэ сарын 17-25 ны хооронд үргэлжилж байна. Энэ удаагийн кино наадамд 52 бүтээл сонгогдсоноос кино шүүмжлэгч, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй арван киног онцолж байна.
Furiosa: A Mad Max Saga
Есөн жилийн өмнө Mad Max: Fury Road Каннын кино наадамд нээлтээ хийж, тухайн жилийнхээ хамгийн хит бүтээлүүдийн нэгээр тодорч, тэгээд ч зогсохгүй Оскарын ёслолоос зургаан шагналыг өөрийн болгож байсан түүхтэй. Иймд үзэгчдийн дунд тун өндөр хүлээлт үүсгээд буй Furiosa: A Mad Max Saga бүтээлийг онцлох нь зүйтэй болов уу. Фуриосагийн залуу насны дүрд жүжигчин Аня-Тейлор Жой тоглож байгаа ба мөн алдарт жүжигчин Крис Хемсворт, Том Харди нар дүр бүтээж буй гэдгээрээ олон нийтийн анхаарлыг маш их татаад байгаа юм. Каннын кино наадмын үеэр Аня-Тейлор Жой үзэгчдээс тасралтгүй 7 минутын алга ташилт сонсжээ.
Kinds of Kindness
Poor Things киногоороо өнгөрсөн жилийг донсолгоод амжсан найруулагч Йоргос Лантимос шинэхэн бүтээлээ танилцуулахаар өмнө нь гар нийлж ажиллаж байсан жүжигчид болох Эмма Стоун, Уиллем Дефо нарын хамтаар Каннын кино наадамд эргэн ирж байна. Тус бүтээл нь гурван өөр түүхээс бүрдэх хэдий ч үйл явдлын хувьд хоорондоо жигтэй байдлаар холбогдсон гэдгээрээ онцлог аж. .
The Seed Of The Sacred Fig
Каннын кино наадмаас хэд хэдэн удаа шагнал хүртээд амжсан чадварлаг найруулагч Мохаммад Расулофын шинэхэн бүтээл нээлтээ хийхэд бэлэн болжээ. Гэвч тэрээр бүтээсэн уран бүтээлээрээ дамжуулж Иран улсыг гутаан доромжилсон хэрэгт гүтгэгдэж, 2022 оны долоодугаар сард баривчлагдсан билээ. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө түүнийг хилээр гарахыг хориглож, шоронд суулгасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байсан ч "гал дээр тос нэмнэ" гэгчээр Мохаммад Расулоф нэмж найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. The Seed Of The Sacred Fig киноны үйл явдал одоогоор тодорхой бус байгаа ч Иран улсын Иман тосгонд өрнөж буй бохир үйл явдал, улс төрийн эсэргүүцлийн талаар өгүүлэх аж.