Ногоон автобусны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд
- Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар;
- Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч,
- хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.
Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.