Загасны тос агуулсан нэмэлт бүтээгдэхүүн зүрхний тосгуурын фибрилляци үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг
Загасны тосны нэмэлт тэжээл нь бидний бодож байсан шиг зүрхэнд тийм ч сайн биш байж магадгүйг нэгэн шинэ судалгаа харуулжээ. Олон тооны судалгаагаар загас идэх нь зүрхний өвчин, цус харвалтаас болж нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг харуулсан. Гэсэн хэдий ч загасны тосны нэмэлт тэжээлийг хэрэглэснээр эдгээр ашиг тусыг хүртэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын насанд хүрсэн 13 хүн тутмын нэг нь загасны тосны нэмэлт тэжээлийг хэрэглэдэг болохыг Эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар тогтоожээ. “BMJ Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа Их Британийн 40-69 насны 415,737 оролцогчийн мэдээлэлд тулгуурласан бөгөөд тэдний бараг гуравны нэг нь загасны тосны нэмэлтийг тогтмол хэрэглэдэг байжээ.
Дунджаар 12 жилийн мониторингийн хугацаанд зүрх судасны өвчингүй, загасны тос тогтмол ууж байсан хүмүүс зүрхний хэмнэл гажиг үүсгэдэг тосгуурын фибрилляци үүсэх магадлал 13 хувиар илүү байжээ. Түүнчлэн нэмэлт тэжээл хэрэглээгүй хүмүүсээс цус харвалт болох магадлал таван хувиар илүү байжээ. Энэ судалгаа нь мэдээжийн хэрэг цэвэр ажиглалт байсан тул түүний үр дүнгээс учир шалтгааны холбоог гаргах боломжгүй.