Чанаргүй зээлийн үлдэгдэл 2,0 их наяд төгрөг болжээ

Чанаргүй зээлийн үлдэгдэл 2,0 их наяд төгрөг болжээ



Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламж 2024 оны 4 дүгээр сарын эцэст 18.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны эхний 4 сартай харьцуулахад 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ мэдээлэв. Түүний 15.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүрээр сарын эцэст 29.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны эхний 4 сарынхтай харьцуулахад 6.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.


Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:

  • 59.4 хувь нь иргэд,
  • 39.2 хувь нь хувийн байгууллага,
  • 0.6 хувь нь төрийн байгууллага,
  • 0.8 хувь нь санхүүгийн байгууллага,

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 89.1 хувийг эзэлж байна


Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын эцэст 1.2 их наяд төгрөг болжээ. Энэ 2023 оны 153.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин энэ төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.1 хувийг эзлэв.


Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 246.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлсэн байх юм.


Арилжааны банк болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 3 дугаар сарын эцэст 7.9 их наяд төгрөгт хүрчээ.


Ипотекийн зээлийн үлдэгдлийн хувьд:

  • 7.7 их наяд төгрөг (97.7 хувь) хэвийн зээл,
  • 99.6 тэрбум төгрөг (1.3 хувь) анхаарал хандуулах зээл,
  • 81.3 тэрбум төгрөг (1.0 хувь) чанаргүй зээл,

Арилжааны банкнаас олгож байгаа зээлийг ердийн болон ипотекийн гэж хоёр хувааж авч үзсэн байна. Эдгээрийг хооронд нь хэвийн, анхаарал хандуулсан, чанаргүй гэсэн зээлийн ангиллаар харьцуулан харвал өөр өөр өнгө төрх харагдаж байна. Тухайлбал чанаргүй зээлийн ангилалд ипотекийн зээлийн 1 хувь нь орсон байхад бусад төрлийн зээлийн 6.8 хувь нь орох жишээний. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ хамгийн өндөр буюу 97 хувьтай байна.


Мөн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх үзүүлэлтийг ҮСХ доорх байдлаар гаргасан байна.


Үнэт цаасны арилжаагаар 2024 оны эхний 4 сард 234. 3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 617.4 сая ширхэг үнэт цаас арилжсан. Энэ нь 2023 оныхоос гүйлгээ 113 .8 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 111.1 сая ширхгээр нэмэгджээ.


Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны 4 дүгээр сард 42901.3 нэгж болжээ. Энэ нь 2023 оныхоос 6369.6 нэгжээр нэмэгдсэн дүнтэй байна.


Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны 4 дүгээр сард 11.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. 


Фото галлерей



Уншсан: 119