Хятадын багт нэгдсэн А.Ананд анхны тоглолтоо хийжээ
3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын улирал үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрт тэмцээн болж байна. Өнөөдөр/2024.05.26/ л гэхэд Улаанбаатар хотод "MGL 3×3 Pro League"-ийн найм дахь тэмцээн болж байгаа бол Хятадад "Zhijang Challenger"-ийн шигшээ шат 16.00 цагаас эхэлнэ. Монголын Улаанбаатар ММС Энержи болон Завхан "Sainscore" багууд хасагдах шатанд шалгараад байгаа билээ.
Тэгвэл Вьетнамд "3х3.exe Premier" тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд Малайз, Вьетнам, Тайвань, Хятадын зургаан баг оролцож байна. Сонирхолтой нь, Хятадын Шанхай Суртай багийн бүрэлдэхүүнд А.Ананд багтжээ. Түүний хувьд 3х3 сагсан бөмбөгийн шинэ улиралд Сансар багаас явж, Хятадын багтай нэгдсэн аж. Түүний багт Монголын дээд лигт тоглож байсан Маркус Хэммондс, 3х3 сагсан бөмбөгт багагүй хугацааг өнгөрүүлж буй Сербийн Марко Милакович, хятад залуу Камиран Сидикэжиан нар багтжээ.
Харин А.Анандыг орлож, М.Өлзий-Орших Сансар багт нэгджээ. Өчигдөр Сансар баг "Zhijang Challenger"-д оролцсон ч хэсгийн шатандаа хоёр хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.