Умард Солонгосын хөөргөсөн шинэ  пуужин агаарт дэлбэрчээ

Умард Солонгосын хөөргөсөн шинэ пуужин агаарт дэлбэрчээ



Цэргийн тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг сансарт хөөргөх ажиллагаа амжилтгүй болж, тээвэрлэгч пуужин нь эхний үе шатандаа дэлбэрснийг Умард Солонгосын албаны эх сурвалж өнөөдөр өглөө мэдээлжээ.

Даваа гарагт тус улсын баруун хойд эргийн Сохэ агаарын баазаас хиймэл дагуул тээвэрлэсэн Маллигён-1-1 пуужинг хөөргөсөн юм.

Сөүл хотод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида, Хятадын ерөнхий сайд Ли Чян нар Солонгосын хойгийн аюулгүй байдлыг дэмжих асуудлаар гурван талын чуулга уулзалтад оролцсоноос хойш хэдхэн цагийн дараа уг үйл явдал тохиожээ.

"Хиймэл дагуул тээвэрлэгч шинэ пуужин хөөргөлтийн нэгдүгээр үе шатандаа агаарт дэлбэрснээс ажиллагаа амжилтгүй боллоогэж Умард Солонгосын төв мэдээний агентлаг мэдээлжээ.

Шингэн хүчилтөрөгчөөр баяжуулсан түлштэй пуужингийн шинэ хөдөлгүүрт алдаа гарснаас дэлбэрсэн гэж Умард Солонгосын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.Дэлбэрэлтэд өөр юу нөлөөлснийг мөрдөн шалгах ажил эхэлснийг бас мэдээлжээ.

Умард Солонгосын эрх баригчид үүнээс өмнө Японы талд зургаадугаар сарын 4-нөөс өмнө сансарт пуужин хөөргөх гэж байгаа тул газар нутагт нь пуужингийн хэсэг унаж болзошгүйг урьдчилан анхааруулаад байв. Зарласан боломжит найм хоногийн хугацааныхаа эхний өдөр пуужин хөөргөхийг оролдсон нь ийнхүү амжилтгүй болжээ.

Тус улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анхныхаа цэргийн тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн юм.Харин энэ онд дахин гурван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөснөө зарлаж байжээ.

"БНАСАУ тавдугаар сарын 27-нд баллистик технологийн пуужин хөөргөсөн нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн олон удаагийн тогтоолыг бүдүүлгээр зөрчиж, бүс нутагт болон нийт дэлхий дахинд хурцадмал байдал, тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй үйлдэл болсныг бид мэдэгдэж байнагэж АНУ-ын зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн бүсийн командын төв анхааруулсан байна.Умард Солонгосын хиймэл дагуул хөөргөх оролдлого нь Пёнян-Москвагийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрсний илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Фото галлерей



Уншсан: 115