Үерийн аюултай бүсэд 2060 айл байна

Үерийн аюултай бүсэд 2060 айл байна



Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон улсын онцгой комисс, ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг үеийн асуудлаар /2024.05.30/ -ны өдөр хамтарсан мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн жил нийслэл улаанбаатар хотод адаар бороо нэлээд орсны улмаас олон айл өрх, аж ахуй нэгж үерт автсан. Ус цаг уур орчны газрын мэдээлснээр зургаадугаар сарын 1 болон 2-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох магадлал өндөр байна. Мөн  зургаан сарын 4-нд баруун аймгийн нутгаар болон нутгийн баруун хагаст, 5-нд Төв болон нутгийн зүүн хэсгээр бороотой сэрүүхэн байх төлөвтэй. Зургадугаар сар дунд арван хоногтоо харьцангуй хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаахан байх учраас халалтаас үүдсэн гэнэтийн ус ихтэй  аадар борооны давтамж ажиглагдаж байна гэлээ. Мөн гуравдугаар арван хоногтоо ихэнх нутгийг хамарсан бороотой сэрүүхэн өдрүүд үргэлжлэх магадлалтай. Тиймээс гол усны төвшин нэмэгдэнэ гэсэн юм. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон улсын онцгой комис үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон үерийн үед авах арга хэмжээ хөтөлбөрийг гаргаж ажиллаж байгаа ажээ.

Улаанбаатарын долоон дүүрэгт үерийн эрсдэлтэй бүсэд 2060 гаруй айл бий. Үүнээс 460 орчим айл зөвшөөрөлгүй. Газар зохион байгуулалтын албанаас долоон дүүргийн 15 байршилд 620 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэсэн судалгааг гаргасан. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг дээрх эрсдэлгүй бүсэд нүүх албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ноднин үерт автсан БЗД-ийн Дарь-эхийн гурван хороон дээр ажиллаа. Тэнд 600 орчим айл үерийн эрсдэлтэй бүсэд байгаа. Эдгээрээс 100 гаруй өрх зөвшөөрөлгүй буусан байна. Эдгээр айлыг мөн нүүх мэдэгдлийг хүргүүлээд байна гэлээ.


Фото галлерей



Уншсан: 81