М.Энхжаргал Парисын олимпид оролцох эрхээ авлаа
"Парис 2024" зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" Тайландын Бангкок хотод үргэлжилж байна.
Тэмцээний найм дахь өдөр эмэгтэй -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал Венесуэлийн Йохана Гомезыг ялж "Парис 2024" зуны олимпод оролцох эрхээ авлаа.
М.Энхжаргал эхний шатанд Япон, хоёр дахь шатанд Канад, эцэст нь Венесуэлийн 10 удаагийн аваргыг ялж анх удаа олимпод оролцохоор болов.
Олимпын эрхийн тэмцээнийг Монголын шигшээ багийн 12 тамирчин зорьсноос
- Эрэгтэй -71 кг жинд Отгонбаярын Бямба-Эрдэнэ Энэтхэгийн боксчинд ялагдаж
- Эрэгтэй -92 кг жинд Нямдоржийн Отгонболд Афганистаны боксчинд ялагдаж
- Эмэгтэй -57 кг жинд Төмөрхуягийн Болортуул АНУ-ын боксчинд ялагдаж
- Эмэгтэй -60 кг жинд Монхорын Намуун Энэтхэгийн боксчинд ялагдаж
- Эрэгтэй -63.5 кг жинд Эрдэнэбатын Цэндбаатар Болгарын боксчинд ялагдаж
- Эрэгтэй +92 кг жинд Халигийн Бекнур шигшээ 16-д Кубийн боксчинд ялагдаж
- Эрэгтэй -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар Германы боксчинд ялагдаж
- Эрэгтэй -80 кг жинд Ганзоригийн Далай Ираны боксчинд ялагдаж
- Эрэгтэй -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ эрхийн төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт АНУ-ын боксчинд ялагдаж
- Эмэгтэй -66 кг жинд Ганзоригийн Бадмаараг Колумбийн боксчинд ялагдаж
- Эмэгтэй -75 кг жинд Энхбаатарын Эрдэнэтуяа шигшээ 16-д Ази, дэлхийн аварга Казахстаны Валентина Калжовад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Энэхүү тэмцээн нь олимпын эрх олгох сүүлийн тэмцээн бөгөөд Монголын шигшээ багаас эмэгтэй -50 кг жинд Оюунцэцэгийн Есүгэн Азийн наадамд гаргасан амжилтаараа олимпын эрхээ аваад байсан юм. Ийнхүү Монголын шигшээ багаас хоёр боксчин Парисын олимпыг зорихоор болов.