Ашиглалтын шаардлага хангаагүй, гаднаа зогсоолгүй байрнуудад зөвшөөрөл олгохгүй

Ашиглалтын шаардлага хангаагүй, гаднаа зогсоолгүй байрнуудад зөвшөөрөл олгохгүй



Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Энэ хүрээнд “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аар хэлэлцүүлнэ гэв.

Тэрбээр "Бид гурван зүйл дээр анхаарч байж, түгжрэлийг хумих боломжтой. Хамгийн түрүүнд нийтийн тээврийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг өгсөн.

Саяхан Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчидтэй уулзаад нэмэлт санхүүжилт гаргахаар болсон. Тэдний зүгээс алдартай хоёр замын газар чөлөөлөлтийн мөнгийг нь гаргая гэлээ. Хоёрхон замын газар чөлөөлөлтөд 90 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Энэ мөнгийг бид гаргаж чадахгүй. Гэвч зорилгоо биелүүлэхийн тулд банкнаас санхүүжилт өгөхөөр боллоо. 

Хоёрдугаарт нийтийн тээврийн өөр хоорондын логик холбоосыг нарийн судалж өгөхөөр шийдвэрлэсэн. Өмнө нь 2006 онд ЖАЙКА-гийн судалгаанаас хойш дахиж шинэчлэгдээгүй. 

Мөн "Зогсоол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоор ахлуулсан баг хоёр долоо хоног тутамд энэ асуудлаар мэдээлэл хийж байя. Тодруулбал 15 дугаар хороололд нийт тэдэн далд зогсоол хийчихвэл өнөөдрийн байдлаар гадаа хонож буй машиныг далд оруулах юм байна гэсэн тооцоог хийх хэрэгтэй.

Хамгийн аймшигтай нь хотын төвд зогсоол барих асуудал хүндрэлтэй байна. Саяхан Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байрыг нураагаад барьсан барилга нь гаднаа нэг ч машины зогсоолгүй. Одоо ийм барилгын зөвшөөрөл өгөхгүй. Барилга барих зөвшөөрөл өгч болно. Тэгвэл дотроо бүх машинаа багтаах боломжтой байдлаар шийдэх хэрэгтэй байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй бол нэг ч барилгын зөвшөөрөл олгохгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн нэртэй зүйлийг бүгдийг нь зогсооно. Хотын төвийн "А" зэрэглэлд хуучин байрыг нураагаад 16 давхар барилга барьж болно. Тэгвэл дөрвөн тал руугаа гарцтай, дотроо гурван давхар зогсоолтой байх шаардлага тавина" гэлээ.


Фото галлерей



Уншсан: 125