Харшил эцэг эхээс генээр дамжин удамшдаг өвчин

Харшил эцэг эхээс генээр дамжин удамшдаг өвчин



Харшил халддаггүй удамшдаг байна. Эцэг эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрлөг байна. эцэг эх хоёр хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 70-80 хувь байдгийг мэргэжлийн эмч хэлсэн юм. Харшил хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа буюу астма болдог аж. Тиймээс хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байна.

Анх удаа ургамлын харшлын шинж тэмдэг илэрч байгаа үед ханиад амьсгалын замын өвчтэй андуурах тохиолдол байдаг. Гэхдээ ургамлын харшил илүү удаан хугацаанд үргэлжилдэг. Нүд загатнах, хамар битүүрэх, чих болон тагнай загатнах шинж тэмдэг илэрдэг байна. Ханиад томууны үед бие арзганах,  халуурах буюу халдварын шинж илүү илэрч болдог аж. Үүнийг цусны шинжилгээ болон харшлын сорилоор тодорхойлдог байна. Ургамлын харшлын сорилыг зовуурь багатай үед буюу өвөл болон намар тавиулбал зүгээр байдаг байна. Цусаар авдаг сорилд улирал харгалзахгүй авдаг аж.

Харшил өдөөгчөөс үүсэлтэйгээр дархлааны хэт мэдрэгшлийн урвал үүссэнтэй холбоотой гарч байгаа шинж тэмдгийг цогцоор нь харшил гэж нэрлэнэ.  Дулааны  улиралд тоос болон,ургамлын тоосны харшил нэмэгддэг.  Үүнээс сэргийлэхийн тулд тоос их гаргадаг ургамлуудтай зөв харьцах шаардлагатай. Жишээлбэл ихэнх хүмүүс шарилжаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ зургаагаас долоон сард, найм, есөн сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил  зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Харшилтай  болсон хүмүүс  харшил үүсгэгчээ тодорхойлуулж тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн эм тариа, хамрын цацлага зэргийг хэрэглэж болохгүй.  Харшлын анхны шинж тэмдэг болох, найтаах, нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж юунаас харшилж байгаа оношоо тодорхойлуулах шаардлагатай. Үүний дараа эмчийн зөвлөсөн зааврын дагуу, өөрт тохирсон эм,эмчилгээг хэрэглэх нь зүйтэй.



Фото галлерей



Уншсан: 145