Наадамд оролцох уран бүтээлчдийн бэлтгэл 99-тай байна
Монголчуудын хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам болоход зургаан хоног үлдлээ. Суудлынхаа тоогоор энэ жил 12 мянган хүн наадам үзнэ гэсэн тооцоо байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, үйлчилгээний ажил 77 хувьтай үргэлжилж байгаа бол наадамд оролцох уран бүтээлчдийн бэлтгэл ч мөн дуусах дөхжээ.
Энэ талаар баяр наадмын гүйцэтгэх продюсер Ш.Баасангаас тодруулахад "Наадам бол бүх хүнийг нэгэн агаар дор нэгтгэж чаддаг, монгол хүн болсноо бахархан хүлээдэг баяр гэж боддог. Би Төрийн их наадмын гүйцэтгэх продюсероор ажиллаж байна. Бидний ажил одоогоор 90 орчим хувьтай үргэлжилж байна.
Өмнөх жилүүдэд мэргэжлийн чуулгын уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрээ нэгтгээд тоглолтоо тавьдаг байсан. Харин энэ жил наадмын үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл бүх мэргэжлийн чуулгын уран бүтээлчид нэг бүжиг дэглээч, нэг хөгжмийн найруулагчийн удирдлага дор хамтдаа нэг утга санааг үзүүлэхийн тулд ажиллаж байгаагаараа онцлогтой.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг мэргэжлийн урлагийн байгууллагууд дээр тулгуурлан хийж байгаа учраас бүх бүжиг дэглэлт, талбайн найруулга, хувцас хэрэглэл 99 хувьтай бэлэн болсон. Одоо бидэнд зөвхөн тайзны ажил үлдээд байна" гэв.
Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяраардолдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.