Он гарснаас хойш 26 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан

Он гарснаас хойш 26 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан



ХЭҮК-ын ГХШХ-ийн дарга Г.Ууганбаатар:Холбогдох төрийн байгууллагаас авсан мэдээллээр 2024 эхний хагас жилийн байдлаар гол усанд живж амиа алдсан 11, зам тээврийн ослын улмаас 26, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн 605 хүүхэд байна. Энэ бол Монгол Улсын нийт хүн амын тоонд харьцуулахад маш өндөр дүн.
Зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо олонх нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, зам тээврийн дүрмийг мөрдөөгүй, хүүхдэд хамгаалах бүс зүүлгээгүй, жолоо барьж байгаа хүн олон цагаар жолоо барьсны улмаас хүний сонор сэрэмж алдагдсанаас үүдэлтэй зам тээврийн осол гараад байна. Энэ зам тээврийн ослын улмаас дээр дурдагдсан тооны хүүхдүүд амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байна.
Иймээс хөдөө орон нутагт аялал зугаалгаар явах гэж байгаа бол зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийн аюулгүй байдлыг хангая, хурдаа тохируулж явъя, гэрэлтүүлэг болоод бусад техникийн шаардлагыг хангахыг нийт жолооч нар болон эцэг эх асран хамгаалагчдад уриалж байна.
Мөн сүүлийн жилүүдэд иргэд, хүүхэд, залуус цахилгаан скүүтер ашиглан замын хөдөлгөөнд оролцох болсон. Гэвч цахилгаан скүүтер нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, авто тээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт байхгүй байна. Цахилгаан скүүтерийн хурдыг авч үзвэл мопедний төрөлд хамруулахаар байна гэж холбогдох байгууллагаас гаргасан. Тэгэхээр мопедний төрөлд орж байгаа бол энэ төрлийн тээврийн хэрэгслийг 16 наснаас дээш насныхан унаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэг хяналтгүй байна.
ГССҮТ-өөс авсан мэдээллээр скүүтерээс үүдэлтэй бэртэж, гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүн 2023 онд 261 байна. Үүнээс 65 нь хүүхэд. 2024 он гарснаар 104 хүн бэртэл гэмтэл авсны 45 нь хүүхэд байна. Мөн цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр цахилгаан скүүкер осол гаргаж хүүхэд бэртэж гэмтсэн найман тохиолдол гарсан. Иймээс скүүтерийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцуулахыг тодорхой болгох шаардлагатай байна" гэв.

Фото галлерей



Уншсан: 121