Зүсээ хувиргасан “Эрхэлсэн сайд” албан тушаалд горилогсдын марафон эхэлжээ 3 сарын өмнө | Б. Ариун-Уянга
АН, ХҮН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэд сайдын орон тоог танана" хэмээн мэдэгдэж, “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгож байв.
УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, 42 суудалтай АН, найман гишүүнтэй болсон ХҮН-тай нийлж, “хамтарсан Засгийн газар”-ыг байгуулсан. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны сайд нараа МАН-аас томилсон. Харин Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Барилга хот байгуулалтын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдуудыг АН-ын гишүүдээс томилж, Боловсролын яамыг ХҮН намд өгч бялуу хувааснаар 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтцээ баталсан.
Гэтэл өдгөө албан тушаалгүй гудамжинд үлдсэн гомдогсод албан тушаалын бялуунаас хүртэхийг эрмэлзэн намын дарга, цаашлаад Ерөнхий сайдыг буланд шахах болсон тул “том дуугарсан” Ерөнхий сайд хэлснээсээ буцахаас аргагүй болсон бололтой.
УИХ-ын сонгуулийн дараа шинэ парламент байгуулахад Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барихдаа дэд сайдыг тусгаагүй. Харин хуулийн төслийг байнгын хороодоор хэлэлцэх үеэр "Дэд сайдыг хэвээр үлдээх эсэх нь парламентын гишүүдийн бүрэн эрх. Гэхдээ хэрэггүй орон тоог цаашид танах нь зүйтэй гэдгийг бодолцож үзээрэй" хэмээж байлаа.
Засагт хамтарсан цагаас хойш л АН, ХҮН-ын дарга нар дэд сайдын орон тоог хасахгүй байхыг тулган шаардаж, өдгөө санасандаа хүрчээ. Тодруулбал, дэд сайдын орон тоог хасахгүй байх тохиролцоонд хүрч, зүсийг нь хувирган “Эрхэлсэн сайд” нэртэй болгож, намрын чуулганаар уг томилгоог эцэслэхээр болж, өдгөө энэхүү албан тушаалд горилогсдын марафон хэдийнэ эхэлжээ. Тухайлбал, АН-аас И.Мөнхжаргал, Д.Бадарсан, Ц.Жадамбаа, Г.Пүрэвхатан, Ч.Өнөрбаяр, Ө.Шижир, харин МАН-аас Г.Дамдинням, Ч.Ундрам нар яригдаж байна.
Дэд сайд бол онцлох чиг үүрэггүй, “шагнал”-ын суудал байсаар ирсэн. Сайд нь өвдөх эс бөгөөс гадаад руу ажлаар явах зэрэг эзгүй үед орлон үлддэг онцын ач холбогдолгүй албан тушаал. Дэд сайдгүй явна, хэмнэе, яамдын бүтцийг нэмэхгүй, хасахгүй гээд журам хүртэл гарган байж 2024 оны төсвийг тодотгосон. Гэтэл өдгөө 2025 оны төсөв яригдангуут өнөөх эрхэлсэн сайдуудынхаа төсвийг батлуулах гээд зүтгэчих бололтой. Буланд шахагдсан Ерөнхий сайд аргагүйн эрхэнд дэд сайдын орон тоог баталж, аанай л нүсэр бүтэцтэйгээр цааш явахаар болжээ.