Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажил 60 хувьтай үргэлжилж байнаС 3 сарын өмнө | Б. Ариун-Уянга
Улаанбаатар хотын Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөртэй төмөр бетон хийцтэй үерийн даланг барьж байгаа билээ.
Тус Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлээс 2024-2025 онд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай долоо хоног тутам танилцдаг. Сүүлийн үед хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа байна. “S.Outlet” орчимд барьж буй үерийн хамгаалалтын 1.5 км шугамын барилга угсралтын ажил 60 хувьтай явж байна. Энэ ажилд хамгийн их хүндрэл учруулж байсан төвийн хэсгийн хөрсний усны 800 диаметртэй шугам хоолойг 500 метр шилжүүлэх санхүүжилт болон холбогдох асуудлыг шийдвэрлэсэн. Газар шорооны ажлууд бүрэн дууссан. 10 мянгын 6 хос кабель шугамыг 800 метр газар шилжүүлж байна. Хотын төвийн хэсгийн томоохон албан байгууллага, бусад аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх ажил ийнхүү дууслаа. Аравдугаар сарын 20-нд түшиц ханыг хийж дуусна. Барилга угсралтын ажлын явц, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, тулгарсан асуудлыг цаг тухай бүрт шийдээд явж байна” гэв.
Түүнчлэн Улаанбаатар хотын 25 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж байгаа бөгөөд 20 гаруй байршилд ажлыг гүйцэтгэсэн. Нийт ажлын явц 80 хувьтай байна. Үргэлжлүүлэн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын байгууламжийг барьж дуусгана. Соёмботой хөшөөний замыг бөглөх ажил болон Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлыг аравдугаар сард дуусгах юм.