МАН: Өвөлжилт, шатахуун нийлүүлэлт, эрчим хүчний хамгамжийн асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсоно 1 жилийн өмнө | Davaasuren G
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.27/ болж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХӨСҮТ-ийн мэдээллийг сонслоо. Мөн өвөлжилт, шатахуун нийлүүлэлт, эрчим хүчний хамгамжийн асуудлаар гишүүдээс ирүүлсэн асуултын хүрээнд УИХ-ын чуулганы пүрэв гараг буюу /2023.11.30/-ны өдрийн хуралдаанаар мэдээлэл сонсохоор боллоо.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүдээс нийгэмд тулгамдаж байгаа мал аж ахуйн өвөлжилт хүндэрч буй асуудал, мөн махны нөөц бэлтгэх, экспортлох, шатахууны хангамж нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох санал гаргасан. Иймд, энэ долоо хоногийн пүрэв гарагийн үдээс хойших чуулганы хуралдаанаар дээрх асуудлуудаар мэдээлэл сонсохоор болж Засгийн газарт чиглэл хүргүүллээ.
Хоёрдугаарт, Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хавдрын шалтгааныг багасгах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн мэдээллийг сонслоо” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Төсөв хэлэлцэж байх үеэр Хавдрын эмнэлгийн барилгын өргөтгөл, шинэ барилгын асуудлыг олон нийтээс шахаж, шаардаж ажилласан. Өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн эрт илрүүлэх үзлэгийг орон даяар идэвхтэй явуулсан. Үүнтэй холбоотой хорт хавдрын эрт илрүүлэг хэр сайжирсан, хэр өгөөжтэй байсан асуудлаар ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын 2020 оны шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор хорт хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах чиглэлд орон нутагт ямар боломж бүрдсэн, хэрэгжилт ямар байна гэдгийг бүлгийн хурлаар хөндөж ярилаа. Мөн Монгол Улсад тохиолдож байгаа үндсэн таван төрлийн хавдар нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зарим хавдрын учир шалтгааныг нь устгах боломжтой байдаг. Тэр чиглэлд бид цаашид ямар чиг баримжаатай ажиллах ёстой вэ гэдэг мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд өглөө” гэв.