“Хөгжлийн банк”-ны хэрэгт ял завшуулсныг прокурор эсэргүүцлээ 1 жилийн өмнө | Davaasuren G
Шүүх хуралдааны яллах тал болох прокурорууд сүүлийн үед анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн эсэргүүцэл бичин, хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлэх болсон. Энэ нь хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, ял завшуулахгүй байх сайн талтай. Хамгийн сүүлд гэхэд л Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Мөн Ерөнхий прокурорын газраас “Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, прокурорын эсаргүүцлээр Б.Махбалыг эгүүлэн цагдан хорьж, үлдсэн ялыг нь бүрэн эдлүүлэхээр болсон юм.
“Хөгжлийн банк-ны гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж, уг хэргийг анхан шатны шүүхээр олон хоног хэлэлцэн буруутай этгээдүүдэд ял оноосон ч гэмт этгээдүүдийн толгойг илсэн шийдвэр гаргалаа, хөнгөн ял оноолоо, авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болголоо хэмээн буруутгагсад олон байсан.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж,Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долоодугаар дугаар сарын 07-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.