Б.Ганхуяг: Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт хуягласан хамгаалалт дор "Сонсгол"-д оролцох өдрүүдэд гэрчээр байлцуулах арга хэмжээ авч өгнө үү 1 жилийн өмнө | Davaasuren G
УИХ-ын хянан шалгах түр хороо нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг арванхоёрдугаар сарын 18-22-ны хооронд зохион байгуулах товтой.
Хоёрдахь сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэх бөгөөд нийт 300 гаруй хүнийг гэрчээр оролцуулахаар дуудас хуудас хүргүүлсэн талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн. Эхний сонсголд гэрчээр дуудагдсан ч шүүхийн шийдвэрээр оролцож чадаагүй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хоёр дахь сонсголд мөн гэрчээр оролцуулахаар нэрсийн жагсаалтад оруулсан. Б.Ганхуягийн өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргаж, нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл шүүгдэгч Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцуулах боломжоор хангаж өгөх талаарх хүсэлтийг дахин гаргажээ. Тэрбээр "Б.Ганхуяг намайг Нүүрсний сонсголд оруулах асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээ авч байгаад талархаж байна. Сонсголд оролцуулах зохион байгуулалтыг Шүүхээс хийх, шийдвэрлэх боломжгүй гэж шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн. Иймд гэрчийн сонсголд оролцуулах саналыг хариуцаж зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан байгууллага, цагдан хорих 461 дүгээр хорих ангид шууд хамаарч байх тул "Сонсгол"-д ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү. Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт хуягласан хамгаалалт дор "Сонсгол"-д оролцох өдрүүдэд гэрчээр байлцуулах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.