Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 180-д хүрч, 120 гаруй хүн сураггүй хэвээр байна 11 сарын өмнө | Davaasuren G
Японы төв нутагт шинэ оны эхний өдөр болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 180-д хүрчээ. Ишикава мужийн холбогдох албаныхны мэдээлснээр, 120 гаруй хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд байгалийн гамшигт нэрвэгдсэн хэдэн арван мянган хүн одоог хүртэл амаргүй нөхцөл байдалд байна. Эрлийн багийнхан газар хөдлөлтийн голомтын ойролцоох Важима хотыг самнах ажлыг үргэлжлүүлсээр байна. Тус хотод гамшгийн үеэр дэгдсэн түймрийн улмаас 200 гаруй байшин барилга шатжээ. Мягмар гаргаас эхлэн цагдаа нар дөрвөн өдрийн эрчимтэй эрэл хайгуул хийхээр төлөвлөж байна. Важима дахь хоргодох байранд байрлаж буй хүмүүст ундны ус хүрэлцэхгүй байгаа талаар уг хоргодох байран дахь сайн дурын ажилтан Ямашита Канако мэдээлээд, хүмүүс суултуурын усаа татахын тулд булгийн ус буцалгах юм уу голоос хувингаар ус авчирч байна гэжээ. Сэргээн босгох ажил үргэлжилж байгаа энэ үед байгалийн гамшигт үзэгдэл нь бүс нутгийн загас агнуурын салбарт удаан хугацаагаар нөлөөлж болзошгүйг холбогдох судалгаа харуулжээ. Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас мэдээлснээр, загас агнуурын 120 гаруй завь голчлон Сүзү хотын орчимд хөмөрч живсэн байна. Шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш долоо гаруй хоног өнгөрч байгаа боловч ард иргэдэд сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг Японы Цаг уурын агентлаг анхааруулсаар байна. Тус агентлаг ирэх сард Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалаар тав болон түүнээс дээш түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг сэрэмжлүүллээ.