Бун Жүн Хугийн ээлжит кино “Mickey 17”-гийн нээлтээ хийх товыг хойшлуулжээ 11 сарын өмнө | Davaasuren G
2020 оны Оскарын наадмаас голлох дөрвөн шагналыг хүртэж, тэр дундаа “шилдэг кино” хэмээх хүндэт шагналыг авсан анхны гадаад кино болох “Parasite” бүтээлийн найруулагч Бун Жүн Хугийн ээлжит кино “Mickey 17” үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа билээ. Warner Bros. кино компани тус бүтээлийг энэ оны гуравдугаар сарын 29-нд цацахаар төлөвлөж байсан ч киноны товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Харин оронд нь дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийх байсан “Godzilla x Kong: The New Empire” киноны нээлтийг наашлуулж тус өдөр цацахаар болжээ. Warner Bros. компанийн зүгээс “Өнгөрсөн жил өрнөсөн зохиолч, жүжигчдийн ажил хаялт болон бусад асуудлаас болоод төслийг бүрэн төгс дуусгахад саад учирсан тул найруулагч ‘Mickey 17’ бүтээлийн нээлтийг хойшлуулахыг санал болгосон. Удахгүй киноны шинэ товыг зарлах болно” хэмээжээ. Тус кино нь зохиолч Эдвард Эштоний “Mickey 7” нэртэй номоос сэдэвлэн бүтээгдэж байгаа ба гол дүрүүдэд Роберт Паттинсон, Наоми Акки, Стивен Юн, Тони Коллет, Марк Руффало зэрэг чадварлаг жүжигчид тоглож байгаа юм.