“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оны эхний хагас жилийн онцлох ажлууд 5 сарын өмнө | Davaasuren G
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2024 оны эхний хагас жилд томоохон төслүүд ашиглалтад орж, компанийн үндсэн үзүүлэлт нэмэгдэж өмнөх амжилтаа давуулан биелүүлсэн цаг хугацаа байлаа. Өмнөх оны эхний хагас жилд 11.9 сая тонн нүүрс олборлож, 12.3 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны эхний хагас жилд 17.1 сая тонн нүүрс олборлож, 16.8 сая тонн нүүрс борлуулж өмнөх оны мөн үеийн үзүүлтээс 30-40 хувиар давуулан биелүүллээ.
Компани өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татвар төлж байсан бол энэ оны эхний хагас жилд улсын төсөвт 2.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ.
Эхний хагас жилд 27 удаагийн цахим арилжаагаар 10.8 сая тонн нүүрс худалдаалав
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 27 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 10.8 сая тонн нүүрсийг биржээр худалдааллаа.
Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 95 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.9 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.