Байгалийн баялгаараа Тогтвортой хөгжлийг бүтээх нь 4 жилийн өмнө    |    Tsast Solution Tsast Solution



Мөнхийн хөрш Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил Монгол Улсад маань 2010 оноос эхлэн газар хөдлөлт шиг хүчтэй мэдрэгдэж эхэсэн билээ.

Нүүрс, зэс, төмрийн хүдрээр баялаг монголчууд ч бид ашигт малтмалаа их хэмжээгээр экспортлож, энэ хэрээр манай эдийн засаг ч огцом өсөв. Монголчууд бид тэр үед анх удаагаа IPO, ТЭЗҮ, хувьцаа, баруун, зүүн Цанх, хөрөнгө оруулалтын банз, баялгын хараал, тэр бүү Minegolia гэх мэт үг хэллэгтэй танилцаж эхэлсэн.

Оюутолгойн худалдан авалт, Тавантолгойн нүүрсний экспорт эдийн засгийг 17 хувиар өсгөж, Австрали, Канад, Хонконгын хөрөнгө оруулалттай уул уурхай, нягтлан бодох, аудитын компаниудын салбар Улаанбаатар хотод маань бөөн бөөнөөрөө хаалгаа нээж байв.

Төгрөгийн ханш дэлхийн түүхэнд байгаагүйгээр чангарч, аялал жуулчлалын салбарынхан англи хэлтэй ажилчидаа уул уурхайд алдаж байсан 2010, 2011 он таны нүдэнд харагдаж байна уу. Энэ үеэс хойш бид бүтэн  арваныг ардаа орхиод байна.

Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж эхлээд арван жил болж байна. Бид өнгөрсөн хугацаанд юу алдаж, юу олсноо дүгнэх цаг болжээ. Уншигч танд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн Колумбын их сургууль хоёрын хамтран гаргасан  “Байгалийн баялгийг Тогтвортой хөгжилд зориулах нь” нэртэй онлайн сургалтад үндэслэн бичсэн 12 цуврал нийтлэлээ толилуулж байна. Монголын эдийн засгийн хоёр хөл мэт гол тулгуур болсон уул уурхайн салбарын өнгөрсөн арван жилээ дүгнэж, ирэх арван жилд анхаарах ёстой зарчмуудын талаар өгүүлэх болно.

Таалан болгооно уу.  



Монголчууд баялгийн хараалаас чөлөөлөгдсөн үү?  

  • Байгалийн баялаг иргэний дайн, олон улсын дайнд ч хүргэдэг
  • Байгалийн баялагтай орнууд яагаад ядуу хэвээрээ байна вэ
  • Компаниуд сургууль барьж өгөх нь нийгмийн хариуцлага мөн үү?
  • Норвегийн баялгийн сан ядуу орнуудын дуурайх туршлага биш  

Дэлхийн технологийн хөгжил, технологийн өрсөлдөөн нь ашигт малтмал, үнэт металлаас хараат байдлыг үүсгэж ашигт малтмалаар баян, ядуу орнууд хурдан хугацаанд хөгжиж, эдийн засгаа сайжруулах сайхан боломж юм. Харамсалтай нь байгалийн баялаг ихтэй орнуудад баялаггүй улстай харьцуулахад дотоодын зөрчил, иргэний дайн гарах, ядруу эдийн засаг, тэр бүү хэл ардчилсан бус, харин ч бүр дарангуйлал тогтох магадлал өндөр байдаг байна.

Дундаршгүй их баялаг байлаа ч түүнийг удирдах мэргэн ухаан, туршлага, мэдээлэл байхгүй бол алт амьтай гэдэг үг олон оронд биелэлээ олсон байдаг. Газрын баялгийн төлөөх өрсөлдөөн нь эрх мэдлийн цуст тэмцэл болж, иргэний дайнаас олон улсын дайны хэмжээнд хүрсэн түүх олон бий. Америк, Их Британи, Франц зэрэг колончлогч улсууд Ойрх Дорнодын дайнд оролцдог нь газрын тосны нөөцтэй холбоотой гэдэг нь харамсалтай нь үнэн юм. “Иракийн газрын тосыг хямдаар худалдаж авдаг байхын тулд АНУ Иракт дайн эхлүүлсэн. Энэ бол баялгийн хараал мөнөөс мөн” гэж Колумбын их сургуулийн тогтвортой хөгжил судлалын профессор Жеффрий Сакс онцолсон байдаг.

Саяхныг хүртэл баялгийн дээр амьдарч буй уугуул иргэдийг хөөх, хөнөөх явдал гарч байсныг мартаж болохгүй. Мөн гэнэт баялаг гарч ирэхэд тэгш бус байдал, шударга бус хуваарилалт үүсдэг.

Мөн байгаль орчин, гол усны бохирдол их хэмжээгээр нэмэгдэж, түүнээс үүдэн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж, хорт хавдар нэмэгдэх, ан амьтад устаж алга болох шалтгаан болдог. Үүний хамгийн том жишээ бол Африкт Нигер голын сав газар юм. Тэнд “Shell” компани хэдэн арван жилийн турш нефть олборлосон бөгөөд голын дагуух тосгодын оршин суугчид хүн амд ногдох хавдрын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Тиймээс уул уурхайд суурилсан эдийн засгийн хөгжил, нийгмийн шударга ёс, байгаль орчноо үржил шимтэй хэвээр нь хадгалан үлдэх гол гарц нь байгалийн баялгийн зөв менежмент юм.


Фото галлерей



Уншсан: 555